Технологийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд хот болон төмөр зам дагуух сумдыг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани ус, халаалт дулаанаар хангадаг. Үйлдвэрлэлийн зардлыг багасгах, зуухыг шинэчлэх, усны үнэ тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа талаар тус компанийн захирал Т.Азбаяр мэдэгдлээ.
Тус компанийн уурын зуухыг одоогоос 30 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан бөгөөд техник технологи нь хуучирч хоцрогдсон аж. Жил бүр тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийдэг ч нэгэнт хуучирсан зуухны эд ангиуд дахиад л засвар үйлчилгээ шаардаад эхэлдэг байна.
Нэг тонн усыг 2600 төгрөгөөр олборлож айл өрхүүд рүү түгээхдээ ердөө 800 төгрөгөөр борлуулж байгаа нь зөвхөн уснаас 70-аад хувийн алдагдал хүлээх нэг шалтгаан болж байна.
Мөн өвлийн цагт сардаа 6000 тонн, өдөртөө 3 вагон нүүрс шатааж, 200-гаад сая төгрөгийн зардал гаргаж Сайншанд хотыг дулаанаар хангадаг нь мөн л алдагдалтай ажиллах нөхцлийг бүрдүүлдэг байна.
Уурын зуухны ашиглалтын нөхцлийг сайруулж, технологийн шинэчлэл хийхгүй бол жил бүр өсөн нэмэгдэж байгаа орон сууцны барилгыг халаахад хүндрэлтэй болж дампуурч магадгүй тухай албаны хүн өгүүлэв.
Х.Эрдэнэбулган