О.Цэлмэг багаа ялалтад хүргэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж байгаа 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилсээр байна.
Баруун бүсийн Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Нэг Үе”-тэй учраа таарав. Тоглолтын нэгдүгээр үед Хөвсгөл аймгаас Цэлмэг, Лхагвасүрэн нар сайн тоглож, улмаар тэд 10 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин хоёрдугаар үед Баянхонгорын Мөнхбаярын Даваадорж гэх залуу зогсоох тоглогч Хөвсгөлд байсангүй. Тэр энэ үед ганцаараа 21 оноо авч гайхалтай тоглолт үзүүлэв. Ийнхүү онооны зөрүүг арилгаж Баянхонгорын давамгайлалтай эхний хагас өндөрлөв. Гуравдугаар үед Хөвсгөл аймгийн залуус багаараа жигд тоглосон бол Баянхонгорын хамгаалалт сул байлаа. Улмаар шийдвэрлэх үед Хөвсгөл аймгийн баг тоглолтын хэмнэлээ алдалгүй явсаар өрсөлдөгчөө 104:94-өөр буулган авлаа. Тэд ийнхүү улирлын тав дахь хожлоо байгуулж, плей-оффын байраа баталгаажуулсан юм.
Тус тоглолтод Оюуныолдын Цэлмэг 16 оноо, 14 оновчтой дамжуулалт, 10 самбар авч трибль-дабль гүйцэтгэн багаа ялалтад хөтлөв. Хөвсгөл багаараа 41 хувьтай довтолсон бол Баянхонгор ердөө 31 хувьтай довтолгоо хийжээ. Баруун бүсийн хүчирхэг хоёр баг болох Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль” хүч үзлээ. Мөн Архангай аймгийг багаа дэмжихээр Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнээ долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялаад буй Нямбаярын Төгсцогт хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд ирэх лхагва гаригт төрөлх нутгийнхаа төлөө тоглохоор болжээ.
“Архангай Алтан Дорнодын Дайчид” баг солилцооны цонхоор Завхан аймгаас легионер тоглогч Роберт Тюрнерийг авсан аж. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Хоёр баг тэргүүллээ ээлжлэн солилцсоор шийдвэрлэх дөрөвдүгээр үе эхэллээ. Ховд аймгийн залуус тун нямбай энэ үеийг эхлүүлсэн бөгөөд улмаар есөн оноогоор илүү гарав. Гэвч Архангай аймгийн баг амархан бууж өгөхийг хүссэнгүй. Талбай дээр жинхэнэ цусгүй тулаан өрнөж байлаа. ОУХМ Г.Баттөр хэрэгтэй үе алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, Роберт Тюрнэр тоглолтын төгсгөлд довтолгоогоо амжилттай болгон тоглолтын тооны харьцаа 96:96 болон тэнцлээ. Архангайчууд өрсөлдөгчөө 114:108-аар буулган авч, улирлын зургаа дахь хожлоо авлаа. Архангайн баг 76 удаа самбараас авсан бол Ховд 48 удаа самбараас авсан байна.
Д.Өлзий