МҮОХ-ны түүхт 60 жилийн баярын хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэ өдрүүдэд МҮОХ-ны 60 жилийн ойн баярыг биеийн тамир, спортын салбарынхан, олимпизмийг дэмжигч монголчууд өргөн хүрээнд тэмдэглэж байна.
Өнөөдөр Корпорейт зочид буудлын хурлын танхим /The corporate and convention centre/-д МҮОХ-ны 60 жилийн ойн баярын нэгдсэн хурал боллоо. Энэ хурлаар МҮОХ-ны түүхт 60 жилийн ойд зориулсан баримтат киног хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд толилуусан юм. Мөн ойд зориулж “Олимпийн хөдөлгөөний нэгэн жаран” цувралын 1 дүгээр хэсэг болох номыг хурлын төлөөлөгчдөд гардууллаа.
Мэндчилгээ
Монголын үндэсний үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ойн мэнд хүргэе.
Олимпийн их гэр бүлийн эрхэм гишүүд,
Олимпийн зүтгэлтнүүд,
Спортыг дэмжигч ард түмэн та бүхэнд МҮОХ байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
Одоогоос нэгэн жарны тэртээ Монголын үндэсний олимпийн хороо албан ёсоор байгуулагдаж, олимпизмийн мөнхийн гал бадамлан, спортын их давалгааг шинэ түвшинд залж, Азийн цээжин дэх Чингисийн Монгол улс олимпийн гэгээн тодотголыг нэмж, дэлхийн спортод хүрэх гэрэлт замыг нээсэн билээ.
Улмаар 1962 онд алтан Москва хотноо хуралдсан Олон улсын олимпийн хорооны чуулганаар МҮОХ нь олимпийн агуу их гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж, “Инсбрук-1964” өвлийн олимпийн наадам, “Токио-1964” зуны олимпийн наадамд анх удаа оролцож, Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсган, алтан соёмбот далбаагаа дэлхийн хүн төрөлхтний дээд цэнгэл баярын тэнгэрт өндөр мандуулсан түүхтэй.
Монголын ард түмний бахархал болсон тамирчид маань “Мехико-1968” олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр анхны медаль хүртсэн тэрхүү үл мартагдах дурсгалт мөчөөс хойш өвөл, зуны 26 олимпийн наадамд хөрст дэлхийн хүчтэнүүдтэй хүч сорин, нийт 2 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, гайхамшигтай амжилт гаргасаар байна.
МҮОХ нь өдгөө Олон улсын олимпийн хороо (IOC), Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC), Азийн олимпийн зөвлөл (OCA), Зүүн азийн наадмын холбоо (EAGA)-ны нэр хүндтэй гишүүн болж, дэлхийн спортын монгол зүтгэлтнүүдийг төрүүлж, олимпизмийн үзэл санааг эх орондоо түгээн дэлгэрүүлэх үйлсийг тууштай зохион байгуулсаар байх болно.
Ээлтэй, ээдрээтэй он жилүүдэд МҮОХ-ны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн үе үеийн Ерөнхийлөгчид, зүтгэлтнүүд, тамирчид, дасгалжуулагчид, гадаад, дотоодын түншүүддээ халуун талархлаа илэрхийлж, та бүхний олимпийн энэ жарны их үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.
Олимпийн медаль, ололт амжилт, гэрэлтсэн нэгэн жаран түүх болон үлдэж, МҮОХ нь төр засгийн спортын байгууллагууд, спортын холбоод, олимпийн түншүүд, олимпийн зөвлөлүүд, спортод хайртай монгол зон олонтойгоо нягт хамтран, олимпийн шинэ оргил өөд хамтдаа эрмүүн цогтой, эрч хүчтэй тэмүүлж, олон улсын олимпийн тавцнаа Монгол улсаа дуурсгах зориг эрмэлзэл дүүрэн байна.
Олимпийн их гэр бүлийн гишүүд та бүхэндээ МҮОХ-ны 60 жилийн ойн халуун баярыг хүргэж, хурднаас хурдан туулж, өндрөөс өндөрт дүүлж, хүчтэнээс хүчтэнийг дийлж, спорт- олимпизмийн ариун гэрэл гэгээ та бүхнийг үргэлж ивээх болтугай!
МҮОХ-ны Ерөнхийлөгчид Ш.Магван, Д.Дашдовдон, Г.Дашзэвэг, С.Жамц, Д.Загдсүрэн
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд