Ц.Энхбат: Аймгийн зарим суманд гэмт хэргийн гаралт өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-21 13:38:03
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өссөн. Тиймээс гэмт хэргийн гаралтыг бууруулах хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулж байгаа хэмээн Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат хэллээ.

Зөвлөлгөөн таван дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм. Тухайлбал Байгаль орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, Иргэдийн эрүүл мэнд эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн судалгаа, шалтгаан нөхцөл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Энэ оны эхний 11 сард аймгийн хэмжээнд 786 гэмт хэрэг бүртгэгдэж 787 хүн холбогдож төр, иргэдийн өмчид 3.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд нийт гарсан гэмт хэргийн 27 хувь нь хулгай, 29 хувь нь иргэний эрүүл мэнд эрх чөлөөний хэрэг, 15 хувь нь бусад хэрэг тус тус эзэлжээ. Харин зам тээврийн осол 15 хувь, танхай дээрэм 4 хувь, хүн амины хэрэг 0.8 хувийг тус бүр эзэлсэн бол гарч байгаа нийт гэмт хэргийн 22 хувь нь бүлгээр, 30 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

Мөн Төв аймгийн хэмжээнд Батсүмбэр, Заамар, Сэргэлэн, Аргалант, Борнуур, Баянжаргалан, Эрдэнэ, Жаргалант, Баяндэлгэр, Баянчандмань, Эрдэнэсант Алтанбулаг зэрэг сумдад 10000 хүнд 391-90 гэмт хэрэг ногдсон нь аймгийн дунджаас харьцангуй их байгаа гэж Төв аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Т.Лхагвасүрэн хэлж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻