Н.Төмөрбаатар: 40 жилийн ойн хүрээнд 40 бүтээлч ажил зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын хурал боллоо.
Төв аймгийн Онцгой байдлын газраас ойн хүрээнд 40 бүтээлч ажлыг санаачлан хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал ажилчиддаа дэмжих үүднээс 12 айлын орон сууц, шинэ депогийн тавиуланг ашиглалтад оруулсан бөгөөд малын бэлчээр гаргагч, ангийн хашаандаа 800 ширхэг, зуслангийн газар 2800 ширхэг мод тарьж, явган хүний 1600 м2 өнгөт хавтантай зам, авто машины хатуу хучилттай 1200 м2 зам зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж Төв Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатар онцолсон юм.
Төв аймгийн Онгой байдлын газар анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 464-р тогтоолоор Төв аймагт 1976 онд гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги нэртэйгээр байгуулагдсан байна. Мөн анхны ангийн дарга Б.Болдбаатараар ахлуулсан 22 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байжээ. Өнөөдөр Төв аймгийн Онцгой байдлын газар 88 хүний бие бүрэлдэхүүнтэй болон өргөжиж иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг үргэлж бэлэн байдалд түргэн шуурхай ажиллаж байна. Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 40 жилийн ойн баярын арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал оролцож баяр хүргэсэн бөгөөд тэргүүний офицер, ахлагч нарыг Төв аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Тодруулбал 40 жилийн ойн баяраар Онцгой байдлын ахлагч цолоор Шуурхай албаны жолооч онцгой байдлын дэд ахлагч З.Баярнэмэх, Онцгой байдлын ахлагч цолоор аврагч гал сөнөөгч онцгой байдлын дэд ахлагч Б.Бат-Оргил нарыг тус тус шагнаж урамшуулав. Харин Онцгой байдлын Ерөнхий газрын “Онцгой байдлын албаны төлөө” хоёрдугаар зэргийн тэмдгээр аймгийн онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Цолмон, “Онцгой байдлын албаны төлөө” гуравдугаар зэргийн тэмдгээр ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Х.Цолмон, дуудлага хүлээн авагч, ахлагч Л.Оюунсүрэн нарыг тус тус шагнаж урамшуулав.
Т.Есүхэйтөмөр