“Бөртэ чоно-2016” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Д.Отгондалай, Д.Сумъяа нар тодров
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2016" наадам өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай, шилдэг шүүгчээр “Рио-2016” олимпийн наадамд шүүгчээр ажилласан М.Бөхбат, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, шилдэг багаар сагсан бөмбөгийн 3x3 шигшээ, шилдэг ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулга нар тодорлоо.
Харин тус наадмын Шилдэг эмэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг, дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг, Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нар шилдэг эрэгтэй тамирчнаар, Шилдэг дасгалжуулагчаар олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн анхны багш, паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн нар тодорсон юм.
15 дахь удаагийн энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс оролцов.
МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн хамтран зохион байгуулдаг энэхүү ёслолыг анх 2002 онд санаачилж, анхны «Бөртэ чоно» наадмын эзнээр бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорсон билээ. Дараа нь О.Гүндэгмаа /2003 он/, Х.Цагаанбаатар /2004 он/, Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Од /2005 он/, Х.Цагаанбаатар /2006 он/, Э.Бадар-Ууган /2007 он/, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган /2008 он/, П.Сэрдамба, Х.Цагаанбаатар /2009/, С.Батцэцэг /2010/, П.Сэрдамба /2011/, Н.Түвшинбаяр /2012/, М.Уранцэцэг /2013/, Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд /2014/, С.Батцэцэг /2015/ нар тус тус оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан түүхтэй.
Ж.Болор