Өсвөрийн сагсанбөмбөгчид хоёр алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Эрхүү хотноо болсон өсвөрийн сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Монголын хоёр баг түрүүлж, аваргын алтан медалийн эзэд болов.
Энэ удаагийн тэмцээн U-10, U-11 насны ангилалд болж ОХУ-ын 10 муж, Монголын дөрвөн баг өрсөлдсөн байна. Өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 25-нд болсон алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын дөрвөн баг бүгд шалгарсан юм. Улмаар аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод манай хоёр баг өрсөлдөгчөө хожиж, цомын эзэд боллоо.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод манай багууд хожиж чадаагүй байна. Тэмцээний хэсгийн тоглолтод манай баг өндөр амжилтыг үзүүлж, Улаан-Үүд /69:12/, Чита /89:14/, Красноярск /31:30/ зэрэг хүчтэй багуудыг хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр болсон юм. Аваргын төлөөх тоглолтод зохион байгуулагч орны багуудыг илүүрхэн хожиж, хоёр алтан медалийг ийнхүү хүртлээ.
Тэмцээний хоёр насны ангилалд "Билэгдлийн гарааны таван тоглогч"-д нэрлэгдсэн бөгөөд 10 насанд П.Энгүүн, Б.Энхбаяр, 11 насанд Т.Төрбаяр, О.Төрболд нар багтлаа. Олон улсын тэмцээнд оролцсон Монголын багийн ахлагчаар Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга ахалсан бол дасгалжуулагчаар Отгонбаатар, Ванчинсүрэн, Пүрэвсүрэн, Баттогтох нар ажиллажээ.
Д.Өлзий