Жендэрийн хуулийн хэрэгжилт 50 хувьдаа хүрэхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЖендэрийн үндэсний хорооноос Төв аймгийн салбар зөвлөлтэй хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд жендэрийн хуулийн хэрэгжилт 50 хувьдаа хүрэхгүй байгаа талаар албаны хүмүүс дурдаж байна.
“Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Төв аймгийн Жендэрийн салбар хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжсэн эрх зүй, бодлогын орчин, салбар хоорондын зохицуулалтыг хөгжүүлж, ялгаварлан гадуурхалтыг арилгах, тэгш байдлыг хангах, оновчтой тогтолцоог бүх түвшинд бүрдүүлж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн амьдралын бүхий л хүрээнд нь жендэрийн мэдлэг боловсролоор чадавхжуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа аж.
Уг хэлэлцүүлэгт ЖҮХ-ны Төв аймийн салбар хорооны гишүүд болон Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Жендэрийн үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн төлөөлөгч нар оролцлоо.
Анх 2002 онд “жендэрийн эрх тэрш байдлын тухай хууль" батлагдсан бөгөөд тус хуулийнд хийсэн үнэлгээгээр хуулийн хэрэгжилт 47 хувьтай гарчээ. Энэ нь хуулийн хэрэгжилт 50 хувьдаа хүрэхгүй байна гэж ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр тодотгосон юм. Мөн тэрээр хэлэхдээ 50 хувьдаа хүрэхгүй байгаа гол шалтгаан нь төсвийн асуудал байдаг бөгөөд төсөв боловсруулахдаа жендэрийн төсөөлөлтэй төсөв баталдаггүйд оршиж байгаа гэв.
Түүнчлэн олон нийтийн дунд жендэрийн хэвшмэл буруу төсөөлөл их байна. Тухайбал эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хүйсийн асуудал эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн охид, эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгох нь буруу юм. Иймээс цаашид нийгмийн дундах хэвшмэл ойлголтыг буруулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагатай илүү нягт хамтарч ажиллах чухал байна гэж ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр дурдсан юм.
Ташрамд дурдахад, ЖҮХ-ны Төв аймаг дахь салбар хорооны даргаар Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ахалж явахаар болсон юм.
Т.Есүхэйтөмөр