Дундговьд 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ2016 онд Дундговь аймгийн бүтээн байгуулалтад 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шингэсэн байна.
Томоохон хөрөнгө оруулалт бүхий Сүм, Хөх бүрдийн цогцолбор, Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнгийн А хэсэг, өвлийн нарлаг хүлэмж, зэрэг урьд оноос дамжин хийгдэж, 2016 онд ашиглалтад орсон байгууламжууд хөрөнгө оруулалтын багагүй хувийг эзэлжээ. Тодруулбал, Сүм Хөх бүрдийн нуурыг сэргээж, аялал жуулчлалын цогцолбор байгуулахад 2.1, цэнгэлдэх хүрээлэнгийн А хэсгийг барихад 1.3 тэрбум, өвлийн хүлэмжинд 600 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж өнгөрсөн жил ашиглалтад оруулсан ч цэвэр, бохир усны шугам сүлжээгүйн улмаас үйл ажиллагаа эхлээгүй байсан МСҮТ- ийн шугам сүлжээг хийхэд 570 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн сангаас тус тус зарцуулсан байна.
Найман тэрбум гаруй төгрөгийн 2.5 тэрбум нь Орон нутгийн хөгжлийн сан, 693.5 сая төгрөг нь орон нутгийн өөрийн орлого байгаа бол 959 сая нь улсын төсвөөс орж иржээ. Хөрөнгө оруулалтыг сумд болон салбар салбараар нь нарийвчлан гаргаж байгааг аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн П.Очирбат хэллээ.
Т. Отгонтуяа