Эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав.
Анхны ардчилсан сонгууль зохион байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн авлига, албан тушаалын хэргийг өршөөх заалтад Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоргийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг энэ сарын 13-нд хэлэлцэж, дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Хэлэлцүүлгийн шатанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Өмнө нь бид Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэж баталсан. Харин Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй дэгээр хэлэлцсэн. Өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дахин хэлэлцэж байна. Гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал тул нээлттэй дэгээр хэлэлцэх нь тохиромжгүй тул чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх нь зөв санал гаргав
Саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцсэн. Тиймээс одоо хаалттай хэлэлцэх нь нийгэмд ашиг сонирхолын зөрчилтэй байна гэх хардлага үүснэ. Тиймээс горимын саналаа татаж авах хэрэгтэй” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Анх хуулийг хаалттай хэлэлцэж баталсан. Үүнээс хойш энэ хууль олон нийтэд ил тод болсон. Хууль зүйн байнгын хороо ч нээлттэй хуралдсан гэдгийг Х.Тэмжүүжин гишүүн хэллээ. Тиймээс иргэдээс нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч бас сонгосон гишүүдээ ямар саналтай байгааг ил тод сонсох хэрэгтэй. Тиймээс горимын саналыг хүлээж авах боломжгүй гэв.
Энэ үеэр УИХ-ын Д.Тэрбишдага, Хуулийн төслийг бүлгийн “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх шаардлагатай байна. Тиймээс манай бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах саналтай байна гэснийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хүлээн авлаа.
Ч.Ариунболд