Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 07-08-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТШинэ Үндсэн хууль батлагдсан 25 жилийн ойд зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 07-08-нд УИХ-ын даргын ивээл дор тав дахь жилдээ болно.
Төрийн ордонд болох энэхүү тэмцээнд шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм. Хоёр үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур бүх сум, дүүрэгт болж нийтдээ 5100 хүн оролцож, оюун ухаанаа сорьсон. Харин хагас шигшээ тоглолт өнгөрсөн 12 дугаар сарын эхээр аймаг, нийслэлийн хэмжээнд явагдаж 987 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж 90 шатарчин дараагийн шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна. Эдгээр шатарчид дээр УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо зэрэг байгууллагуудыг 30 төлөөлөл оролцох юм. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгодог. Мөн энэ үеэр “Оюунлаг түшээ”, “Ахмад шатарчин” шалгаруулж шагнадаг уламжлалтай.
Ч.Ариунболд