Агаарын бохирдлыг бууруулахын тулд дулааны станцыг өргөтгөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймаг агаарын бохирдол ихтэй долоон аймгийн нэгт ордог. Агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр нь гэр хороолол болоод уурын зуухнуудын утаа, мөн машин мотоциклийн тоо ихэссэнтэй холбоотой. Ялангуяа Баруун-Урт сумын агаар хамгийн их бохирдолтой байна гэдгийг тогтоосон. Тэгвэл агаарын бохирдлыг багасгахын тулд төр засгийн зүгээс тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
"Бид агаарын бохирдлыг багасгах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байна. Нэн тэргүүнд дулааны станцыг өргөтгөх шаардлагатай. Ингэснээр аймгийн төвд байгаа жижиг зуухнуудыг татан буулгаж дулааны станцад холбох юм. Мөн гэр хорооллыг багасгах үүднээс иргэдэд хямд үнэтэй дээрээс нь чанартай орон сууцыг санал болгох, дулааны өөр эх үүсвэрийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бүх ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан байгаа, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Жишээлбэл: 2017 оноос улсын хэмжээнд өргөтгөлд орохоор тусгагдсан дулааны станцуудын тоонд Сүхбаатар аймгийн дулааны станц багтсан байгаа" гэж аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар хэллээ.
Агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогоор аймгийн хэмжээнд ердийн галлагаатай айл өрхийн зуух 6822, 11-100 кВт хүчин чадалтай жижиг зуух 188, 101 кВт ба түүнээс дээш хүчин чадалтай том оврын зуух 25 зуух байна гэсэн судалгаа гарчээ. Эдгээр зуухнуудад нийт 87 мянга орчим тонн түлээ нүүрс зарцуулдаг. Үүнээс ялгарч байгаа утаа болон үнс нурмыг ил задгай асгадагаас үүдэн агаарт маш их хөө, тортог, тоосонцор тогтож агаарыг бохирдуулдаг байна.
Мөн аймгийн хэмжээнд алба, амины 17084 автомашин, мотоцикль хөдөлгөөнд оролцон жилдээ 15 гаруй мянган тонн бензин, түлш хэрэглэж байгаа нь агаарыг төрөл бүрийн хорт хийгээр бохирдуулах бас нэг эх үүсвэр болж байна.
Т. Одончимэг