Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд томуу томуу төст өвчний тархалт эрс нэмэгдсэн. Үүний улмаас аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал мөн нэмэгдэж байна. Тиймээс Эрүүл мэндийн газраас шаардлагатай арга хэмжээг авч, өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байна.
Томуу томуу төст өвчнөөр 0-15 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 24 ортой ч одоогоор 60 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
АНЭ-ийн хүүхдийн тасгийн орны тоог нэмүүлэх талаар хэдэн жилийн өмнөөс ярьж ирсэн боловч өнөөг хүртэл анхны байдлаараа л байна. Бид ачаалал багатай тасаг нэгжүүдийг нэгтгэн, өөр тасагт хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж байна. Ачааллын хувьд яг хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Гэсэн хэдий ч аймгийн хэмжээнд төрөлт ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн тасгийн орыг нэмэх шаардлага зайлшгүй гарч ирээд байгаа гэдгийг АНЭ-ийн хүүхдийн их эмч н. Дарьсүрэн хэлж байна.
Эрүүл мэндийн газраас авсан мэдээгээр Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баруун-Урт суманд томуугийн өвчлөл хамгийн өндөр байгаа юм байна.
Т. Одончимэг