Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-07 11:25:09

Шинэ Үндсэн хууль батлагдсан 25 жилийн ойд зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын даргын ивээл дор тав дахь жилдээ болж буй уг тэмцээнд шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцож байна. Хоёр үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур бүх сум, дүүрэгт болж нийтдээ 5100 хүн оролцож, оюун ухаанаа сорьсон байна. Харин хагас шигшээ тоглолт өнгөрсөн 12 дугаар сарын эхээр аймаг, нийслэлийн хэмжээнд явагдаж 987 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж 90 шатарчин дараагийн шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан. Эдгээр шатарчид дээр УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо зэрэг байгууллагуудыг 30 төлөөлөл оролцох юм.

Шатар бол оюун ухааныг хөгжүүлж, аливаа асуудалд холч ухаанаар хандах эрдэмд сургадаг спорт хэмээн УИХ-ын дарга М.Энхболд тэмцээний нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Монголчууд олон зуун жилийн тэртээгээс шатар тоглож ирсэн түүхтэй. Энэ уламжлалыг хадгалах, залуусаа сургах зорилгоор 2015 онд миний бие Төв аймгийн 27 суманд шатрын спортын клуб байгуулж өгсөн. Хэдхэн хоногийн өмнө Сочид болон Дэлхийн шатарын аварга шалгаруулах хүүхэд, залуучуудын тэмцээнд оролцох Монголын залуу тамирчдыг үдэн мордуулж байсан. Тэдний дундаас долоон настай бяцхан тамирчин Дэлхийн аварга болж, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөсөн байна” гэлээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгодог. Мөн энэ үеэр “Оюунлаг түшээ”, “Ахмад шатарчин” шалгаруулж шагнадаг уламжлалтай юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгэ

相关新闻