БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкны төлөөлөгчийн газар байгуулахыг зөвшөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-07 12:39:57

Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд олгохоор шийдвэрлэлээ.

Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн гурван жил дараалан тэргүүлжээ. Түүнчлэн зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй аж.

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж буй юм. Дээрх зөвшөөрлийг олгосноор гадны таван банкны Төлөөлөгчийн газартай боллоо.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн үйлчилгээ явуулах үндсэн үүрэгтэй юм байна.

 Б.Заяа

相关新闻