Хөгжим бүжгийн коллежид ОХУ-ын мэргэжилтнүүд ирж ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛХөгжим бүжгийн коллежийг консерватур болгох ажлын хүрээнд ирэх сард ОХУ-аас холбогдох албаны хүмүүс манай улсад ирнэ.
Энэ үеэр дээрх төлөөлөл Хөгжим бүжгийн коллежийн сургалтын хөтөлбөр, агуулга, шаардагдах техник хэрэгсэл, хөгжим, тоног төхөөрөмжийн талаар судалгаа хийх аж.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 5-нд тус коллежид зочилж, багш ажилчидтай уулзах үеэр эл мэдээллийг дуулгажээ. Салбарын сайд Ж.Батсуурь өнгөрсөн онд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус коллежийг консерватур болгох асуудлыг шийдвэрлэсэн юм.
Хөгжим бүжгийн коллежийнхон сүүлийн 20 орчим жил консерватур болох хүсэлтээ үе үеийн сайд нарт уламжилж байсан ч бодит ажил хэрэг болоогүй өдий хүрчээ.
Дашрамд дурдахад, С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байв. Улмаар хэд хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст Гэгээрлийн яамны сайдын 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим бүжгийн коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.
Энэ онд тус коллеж түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх юм.
Б.Туул