Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилд авирсан анхны монгол уулчин
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа өнгөрөгч сарын 26-ны өдөр Улаанбаатарын цагаар 09 цаг 57 минутад Антрактид тивийн Вилсон Массиф /далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд гарчээ.Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр долоон оргилд авирсан анхны Монгол уулчин болж байна.
Гавьяат тамирчин маань өнгөрөгч бямба гарагт эх орондоо ирнэ гэж байсан ч нислэг хойшилсны улмаас өчигдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
Тэрбээр анх 2011 онд Эверестийн оргилд гарсны дараа “Seven summit” буюу дэлхийн алдартай оргилуудад авирах хүсэлд автсан байна. Тухайн үед түүнд Антрактид тивийн ноён оргил Винсон Массиф ууланд авирах хүсэл төрж байсан ч давхар айдастай байжээ.
Энэхүү авиралтыг нөхцөлдүүлсэн нэг хүчин зүйл бол түүний өмнө нь авирч байсан оргилууд гэнэ. Ингээд өнгөрсөн сарын 22-нд авиралтаа эхэлсэн бөгөөд оргилд хүрэхийн тулд 4 хоног зарцуулжээ. Авиралтын хугацаанд Антрактидын уур амьсгал маш хуурай, хамгийн дулаан үетэй таарсан ч оргил дээрээ тэсгим хүйтэн. Өөрөөр хэлбэл, оргил дээр удаан байх нөхцөлгүй байв. Тухайн үед их ядарсан байсан ч оргил дээр гарсан даруйдаа зургаа авч баталгаажуулж амжжээ. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын далбаатай зургаа авахуулахаас өөр бодол түүний толгойд орж ирээгүй хэмээн тэрбээр ярив.
Түүний аяллын ивээн тэтгэгчээр Зам тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, Монголын үндэсний олимпийн хороо, “Миг даатгал” компани, “Монголиа экспедишнс” аялал жуулчлалын компани зэрэг байгууллагууд хамтран ажиллав.
Тэрбээр энэ аяллаа хойд хөршийн уулчидтай хамт хийжээ. Тодруулбал, ОХУ-ын “Seven summits” клубын монгол орос нийлсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Эверестэд долоон удаа, Винсон Массифт 15 дахь удаагаа авирсан “Seven summit” клубын Ерөнхийлөгч Алех Абрамов багаа удирджээ. Тэрбээр оросуудтай хамт аялсандаа сэтгэл дүүрэн байснаа дуулгав. Тэрбээр нийт авиралтуудаараа ном бичих төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүний өмнөх амжилтуудыг дурдвал,
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м) оргилд тус тус авирсан ба энэ удаагийн Винсон Массиф уул нь түүний долоон оргилын сүүлийнх байв.
Одоогийн байдлаар дэлхийн 61 улсын 416 уулчин дэлхийн хамгийн өндөр долоон оргилд гараад байгаа юм.
Б.Гаваа