Малчдад туслахыг уриалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн ЗДТГ-аас малчдад туслах аяныг аймаг даяар зохион байгуулж эхэллээ.
Өнгөрсөн 11,12-р сард зарим газраар цас их орж, хүйтний эрч эрс чангарсан. Мөн малын гоц халдварт "Цэцэг" өвчин гарч, малчид болоод малд ихээхэн хохирол гарч байгаа, 1 болон 2-р сард цас ихээр орох төлөвтэй байгаагаас тус аяныг зарлажээ.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэн бий болгож байгаа малчдад туслах тус аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хөдөлмөрчдийг өргөнөөр оролцохыг уриалжээ.
Хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, малын эм тариа, элгэвч нэмнээ, дулаан хувцас, малын өвөлжөө саравч дулаалах материал зэрэг хэрэгтэй гэсэн бүхнийг аяны бараа тусламж цуглуулах цэг болох аймгийн Онцгой байдлын газарт аваачин өгөх юм байна.
Мөн мөнгөн тусламжийн хандивыг Төрийн сангийн 040051411 тоот дансанд хураан цуглуулж малчдад олгоно. Цаашид Булган аймгийн Тэшиг, Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Бугат, Сэлэнгэ, Баяннуур сумдад хаваржилт хүндэрч болзошгүй байна.
П.Батням