Сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн хэзээ эхлэх нь тодорхойгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2017-01-10 16:03:32

Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо /МҮСБХ/-ноос “Спортын төв ордон заал өгөхгүй байгаа учраас лигийн тэмцээн явуулах боломжгүй” гэсэн мэдээллийг Биеийн тамир Спортын газраас үгүйсгэсэн тайлбар хийв.

Мөн үеэр МҮСБХ-ны менежер С.Тулга хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

СТО-ны менежер Г.Нямдорж "МҮСБХ-г шахаж, гадуурхсан зүйлгүй. Өнгөрөгч есдүгээр сард “Монголын сагсан бөмбөгийн холбооны “Чингис хаан” тэмцээн хуваарийн дагуу 9 дүгээр сарын 7-16, 16-21-ны өдөр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэний дагуу заал өгсөн. Нийслэл ганцхан Спортын төв ордонтой учраас олон байгууллагууд манайд ханддаг. Одоогийн байдлаар 20 гаруй байгууллагаас хүсэлт ирсэн  учир гэрээ хийж чадахгүй байна” гэлээ.

Харин МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга ийнхүү ярив.

 “Манай холбоо жил бүрийн 11 дүгээр сард Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрөгч оны 12 дугаар сард бид энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ БТСГ-т хүрүүлсэн. Гэвч одоо хүртэл хариу өгөхгүй, гэрээ хийхгүй байна. Одоо Спортын төв ордонд зөвхөн 21 аймгийн лигийн тэмцээн л болж байна. Асуудлаа шийдүүлэх гэж бид олон удаа хандсан ч тус газрын дарга Ц.Шаравжамц, Г.Нямдорж нар хүлээн авч уулзахгүй байсаар өдийг хүрлээ. Бид сүүлийн дөрвөн жилийн туршид 200 гаруй сая төгрөгийг СТО-нд  төлсөн. Улсад жилд 40 сая төгрөгийн татвар төлдөг. Энэ газрын өмнөх дарга нартай он дуустал гэрээ хийсэн  ч лигийн тэмцээн зохион байгуулах заал өгөхгүй байгааг гайхаж байна. СТО-ны заалыг сагсчид  даваа, лхагва, баасан гарагийн орой 18.00-22.00 цагийн хооронд ашигладаг. Ойлголцоод шийдэлд хүрэх гэсэн болов ч одоо хүртэл дарга нар нь олдохгүй байна” хэмээв.

М.Аминаа

 

相关新闻