З.Алтанхуяг: Томуугийн өвчлөл их байгаагаас эм тариа хүрэлцэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-13 12:55:57
Yesukheitumur Tumurbaatar

Он гарснаас хойш Төв аймгийн Алтанбулаг сумын хэмжээнд хүн амын хөдөлгөөн, хоол ундны байдалаас шалтгаалж томуугийн дэгдэлт нэмэгджээ. Мөн шаардлагатай эм тариа хомсдож байна.

Тус сумын Эрүүл мэндийн төвийн эм тариа хангалттай хүрэлцдэггүйн улмаас сарын сүүлээр эм тарианы хомсдолд ордог байна. Он гараад 10 гаруй хонож байхад 2017 онд хэрэглэх эм тарианы тендэр зарлагдаагүй, төсөв нь батлагдсан хэдий ч санхүүжилт орж ирээгүйн улмаас эм тарианы хомсдолтой ажиллаж байна гэж Төв аймгийн Алтанбулаг сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч З.Алтанхуяг хэллээ. Өнөөдрийн байдлаар тус сумын ӨЭМТөв иргэдээс эм тариаг гаргуулан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн 0-5 насны хүүхдүүдэд шаардлагатай яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх эм тарианы сарын нөөцтэй л ажиллаж байна.

Төв аймгийн Алтанбулаг сум 3100 гаруй хүн амтай бөгөөд 0-2 сартай 60 хүүхэд, 0-5 насны 300 гаруй хүүхэд байдаг. Амбулаториор үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн дийлэнх хэсэг нь бага насны хүүхдүүд бөгөөд ханиад томуугийн  өвчлөл сумын хэмжээнд өндөр хувьтай байна. Өрхийн эрүүл мэндийн төв хоёр их эмчтэй, дөрвөн сувилагчтай 12 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар найман хүүхэд хэвтэн эмчлүүлж ачаалалтай ажиллаж байна.

Мөн сумын малчин иргэд отроор өөр аймаг сумын нутагт явчихдаг болохоор 100 хувь идэвхтэй хяналтад байлгаж чадахгүй байгаагийн улмаас ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ сардаа нэг удаа 0-5 насны хүүхдүүдийг эргэж эмчийн үзлэгт хамруулдаг байна. Өдөрт амбулаториор 20 гаруй хүүхэд үйлчлүүлж байгаагийн дийлэнх нь ханиад томуу хүндэрсэн хатгаатай эсвэл хоолойны бачууралтай хүүхдүүд зонхилж байна гэж З.Алтанхуяг эмч ярьлаа.

Эцэг эхчүүд бага насны хүүхдийг чанартай хоол хүнсээр хооллох, хөхүүл нярай хүүхдийг хөхөөр нь хангалттай хооллох болон олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох дагуулж явахгүй байхыг сануулав.

Т.Есүхэйтөмөр

相关新闻