Цагдаагийн газар дэргэдээ "Наран говь" нэртэй хөгжмийн хамтлагтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас 2016 онд хийсэн ажлын тайланг өнөөдөр тавьж иргэдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэгт зааснаар харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч, иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах, санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлно гэсэн байдаг ажээ. Энэ үеэрээ цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа зэвсэг, тусгай хэрэгслээр үзүүлэн гаргалаа. Мөн авто сургуультай хамтран эрх хасагдсан жолооч нарт газар дээр нь сургалт явуулж, шалгалт авах ажлыг зохион байгуулан 16 иргэн жолооны эрхээ сэргээж, таван иргэн жолооны эрхийн үнэмлэхээ шинэчлэх материал бүрдүүлэн өгч, 18 иргэнд хууль эрхзүйн зөвлөгөө өгчээ.
Уг арга хэмжээний үеэр Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийтийн эргүүлд үүрэг гүйцэтгэсэн байдлыг дүгнэж, идэвх санаачлага гарган ажилласан Ус цаг уур орчны шинжилгээний төв, Даланзадгад сумын ЗДТГ, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК, Гүний ус ХХК-ийн хамт олныг шагнаж урамшууллаа.
Тус аймгийн Цагдаагийн газар нь дэргэдээ "Наран говь" нэртэй амьд хөгжмийн хамтлагтай болсон бөгөөд тэднийхээ тоглолтыг иргэддээ сонордуулав. Тус хамтлагийн гишүүд олон нийтийн цагдаа нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй юм байна.
Д.Мишигсүрэн