Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад суманд онц ноцтой хэрэг гарсан тухай мэдээлэл тархаж иргэд түгшүүртэй байсан билээ.
Харин Цагдаагийн газраас тухайн хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан талаар мэдээлж байна. Тус аймагт үйлдэгдсэн онц харгис хэрцгий, хүний биед аюултайгаар хүч хэрэглэн үйлдэгдсэн дээрэм, булаалт, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүдийг Даланзадгад сумын иргэн Р гэгч 19 настай залуу үйлдсэн болохыг тогтоосон байна.
"Уг хэргүүдийг илрүүлэхэд цагдаагийн албан хаагчид долоо хоног нойр хоолгүй ажилласан. Хэргийг үйлдсэн байдал нь балмад танхай бөгөөд биеэ хамгаалж чадахгүй бага насны эмэгтэй хүүхэд, охид бүсгүйчүүдийг шөнийн цагаар дээрэмдсэн. Дээрмийг үйлдэхдээ биед нь гэмтэл учруулан, тархи толгойг нь хагалж эд зүйлийг нь булаасан байсан. Мөн энэ сарын 14-нд Политехник коллежийн хашаанд 19 настай эмэгтэйг зодож, хүнд гэмтэл учруулан, хүчирхийлж, шалдалж орхисон хэрэг гарсан. Энэ бүх хэргийг нэг хүн үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна" гэж тус аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Төмөрмөнх ярилаа.
Гурван дээрэм, нэг хүчирхийллийн хэргийг үйлдсэн гэх Р өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй нэгэн гэнэ.
Д.Мишигсүрэн