Архи согтууруулах ундаа хорьсон өдрүүдэд гэмт хэрэг, дуудлага эрс багасчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож, нас барсан /2017.01.16-нд гарсан/ хэргээс үүдэлтэй хэргийн эд мөрийн баримтын шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн өдрүүдэд буюу архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарснаас хойшхи 38 цагийн хугацаанд Улаанбаатар хотын гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдалд мэдэгдэхүйц эерэг үзүүлэлтүүдтэй гарчээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газар Шуурхай удирдлагын штаб байгуулж ажиллаж байгаа бөгөөд Шуурхай удирдлагын зохицуулах төв, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штаб, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цэргийн төв эмнэлгийн хордлого тайлах төвтэй мэдээлэл солилцон ажиллаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, 24 цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ хугацаанд 3983 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, зөрчлийн шинжтэй 2544 дуудлага, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 67 дуудлага бүртгэгдсэн нь өмнөхөөс буурсан үзүүлэлт юм. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 120 иргэн саатуулагджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, нийт дуудлага мэдээллийн тоо 492 нэгжээр, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 42.3 хувиар, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 33.9 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл 9.4 хувиар, саатуулагдсан иргэдийн тоо 231 нэгжээр буурсан байна. Архи зараагүй өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил буурсан тоо ч гараад байна. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага 1901, зөрчлийн 1074, бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 59, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлагын тоо 1021, зөрчлийн тоо 540, бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 32 болж, тус тус буурчээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 40-50 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг түр хориглосон тогтоол гарсан өдрүүдэд хоёр хүнтэй өнжжээ. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран явуулсан шалгалтаар өнгөрсөн гурав хоногт 625 шил буюу 314.2 литр архи, 224 шил буюу 210.5 литр шар айраг, 3 шил буюу 2.25 литр дарс хурааж, 1393 шил архи, 3945 шил шар айргийг битүүмжилжээ. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, гар дээрээс болон хориглосон үед архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 10 иргэн, 11 аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна. Түүнчлэн гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зарим иргэдийг баривчилсан гэх мэдээлэл өглөө.
Ж.Батсайхан