ШУА-ийн академичаар Д.Цэвээндорж, Д. Сангаа, А.Бакей нарыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭТүүх, Археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, доктор Д.Цэвээндорж, Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Д. Сангаа, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, доктор А.Бакей нар ШУА-ийн академичаар энэ сарын 19-нд сонгоджээ.
ШУА-иас хоёр жил тутам зохион байгуулдаг академичийн сонгуульд энэ онд 11 эрдэмтэн нэр дэвшснээс дээрх гурван эрдэмтэн сонгогдов.
Д.Цэвээндорж нь 1966-1972 онд ШУА-иас М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд археологич мэргэжлээр суралцаж, төгссөнөөс хойш ШУА-ийн Түүхийн хүрээлэн /1972-2002 он/, Археологийн хүрээлэн /2002-2015 он/, Түүх, Археологийн хүрээлэн /2015 оноос /-д тасралтгүй 45 жил мэргэжлээрээ ажиллажээ.
Тэрбээр энэ хугацаанд Монголын эртний түүх, соёлын өвийг судлах, хадгалж хамгаалах, археологийн шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан чадварлаг эрдэмтэн юм.
Д.Сангаа нь 2016 онд ОХУ-ын Байгалийн ухааны Академийн гадаад гишүүнээр сонгогдсон ба 2009-2013 онуудад Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд Нейтрон физикийн лабораторид орлогч захирлаар сонгогдон ажиллажээ. Түүний төмөр агуулсан кристалл дахь соронзон фазын шилжилтийг туршилтаар гаргасан нь хавдрын эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэж үнэлэгдсэн.
Харин А.Бакей эрдэмтэн бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчин өрхийн аж ахуйн хэв шинжийн онцлог, эдийн засгийн шийдвэр гаргах зан төлвийг тогтоох чиглэлээр 30 гаруй жил ажилласан байна. Мөн хууль тогтоох дээд байгууллагад ажиллах хугацаандаа хөдөө аж ахуйн чиглэлийн олон арван хууль тогтоомж, хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулж батлуулсан аж.
Ч.Ариунболд