БОЭТөвийг гавъяат эмч Х.Шаравын нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг Монгол улсын Хүний гавъяат эмч Х.Шаравын нэрэмжит болгох ёслол өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн уидрдлагуудаас гадна нийслэлээс мэргэжил нэгтнүүд нь, гарын шавь нар нь, ангийн найзууд ах дүү нар нь ирж оролцож түүний гавъяат үйлсийг эргэн дурслаа. Хүний гавьяат эмч Х.Шарав нь хүний эрүүл энх сайн сайхны төлөө эрүүл мэндийн салбарт 41 жил ажиллахдаа 33 жилд нь мэс заслын эмчээр ажилласан байна.
Түүний шавь Төмөр замын эмнэлгийн мэс заслын их эмч н.Сайнзориг "Сайн багшийнхаа алдрыг мөнхжүүлэхээр сэтгэл хөдөлж нутагтаа ирлээ. Түүний гавъяат үйлсийг нутгийн эмч нар алдаршуулна гэж итгэж байна. Багш минь дээрээс биднийг харж байгаа" гэж хэлсэн юм.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг хүний гавьяат эмч Х.Шаравын нэрэмжит болгох ажлыг БОЭТ-ийн мэс заслын тасгийн эмч мэргэжилтэн, түүний гэр бүл үр хүүхэд нь санаачилж, аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар бодлогын түвшинд дэмжиж, “Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн” санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг ийнхүү гавъяат эмч Х.Шаравын нэрэмжит болгон түүний баримлыг залсан юм. Говь нутгийнхаа хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллахдаа тэрээр 20 гаруй шинэ арга техникийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, олон шавь нарыг төрүүлэн алтан гарт эмч нарын залгамж халааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавъяатай нэгэн билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос төрөл мэргэжлийн эмч нар ирж БОЭТөвд яаралтай мэс заслыг хийж иргэдэд үйлчилсэн байна. Мөн Хүний гавьяат эмч Х.Шаравын үр хүүхдүүд ах дүү нар нь түүний нэрээр сан байгуулснаа энэ үеэр зарлалаа.
Д.Мишигсүрэн