Кисэносато, Хакүхог давснаар 72 дахь Их аварга болох замаа бүрэн заслаа
МОНГОЛЫН МЭДЭЭЯпоны мэргэжлийн сумо бөхийн 2017 оны эхний Хацү башёд Озэки Кисэносато 14 даваа, нэг унаатай түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ.
Тэрбээр Макүүчи буюу дээд зиндаанд 13 жил барилдахдаа ганцхан удаа л башёг өнжиж, ямагт Их аваргууд болон озэки цолтнуудад хамгийн халгаатай сумоч байж ирсэн гэдгээрээ байнга сумо сонирхогчдын анхаарлын төвд байдаг бөх билээ.
Кисэносато 31 башё Озэки цолтой барилдсан амжилтаараа хамгийн урт хугацааны дараа түрүү бөх болж байгаа бөгөөд 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг итгэл төгс давж анхны түрүүгээ авлаа.
Түүний энэ амжилт нь Сумогийн холбоо өнөө цаг үеийн дөрөв дэх Их аварга /Ёкозүна/ цол хүртэх замаа саадгүй болгож чадлаа хэмээн хүлээн зөвшөөрөх нь тодорхой болов. Энэ башёд түүнийг давсан цорын ганц бөх бол Озэки Котошёогикү бөгөөд тэд ес дэх өдөр оноолт таарсан юм. Кисэносатотой ижил даваатай байсан Их аварга Хакүхо, Араваши Э.Дөлгөөн, Комосүби Таяасү нарт дараалан ялагдаж, ес дэх өдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн. Их аваргатай зэрэгцэн маэгашира Ичиноёжо А.Ичинноров, Таканойва А.Баасандорж нар ч адил даваатай 13 дахь өдрийг хүргэсэн ч дахин даваагаа ахиулж чадаагүй. Харин Кисэносато даваагаа ахиулсаар 14 дэх өдөр Ичиноёжог давснаар түрүүлэх болзлоо хангасан бол энэ өдөр Хакүхог маэгашира Таканойва А.Баасандорж давсан. Башёгийн сүүлийн өдөр Кисэносато 69 дэх Их аваргыг давж, итгэл төгс тэргүүлэхээ бататгасан.
Хацү башёг эхлэхээс өмнө Озэки Кисэносато түрүүлбэл Их аварга /Ёкозүна/ цол өгөх талаар ярьж байсан. Харин Озэки Кисэносато Хакүхо аваргыг 15 дахь өдөр давсан нь түүнд аварга цол олгох асуудлыг Сумогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо ирэх мягмар гарагт болох хурлаараа хэлэлцэн 72 дахь Их аварга цолтон болох нь тодорхой байна. Мөн 19 жил завсарласны дараа Япончуудаас төрсөн Их аварга цолтон болж байгаа гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэх юм.
Д.Өлзий