ШШГБ-ын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 18-20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 96 удирдах албан тушаалтан оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар зөвлөгөөний сүүлийн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүрэлцэн ирж, удирдах ажилтнуудад хандан хэлэхдээ "ШШГБ 2016 оныг "Дэвшил, чанар, ёс зүйн жил" болгох зорилт дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлаг, байгууллагаас үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарч “Тэргүүн” байр эзэлсэнд баяр хүргэе" гээд цаашид энэ гаргасан амжилтаа улам бататган, идэвх санаачилгатай ажиллахыг хүсэв.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, цаашид анхаарч, тодорхой үр дүн гарган ажиллах зарим асуудлуудын талаар дурдаж, холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгох зорилт дэвшүүлсэнтэй уялдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 онд “Эрх зүйн орчинг боловсронгуй болгох” зорилт дэвшүүлэн, холбогдох ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Зөвлөгөөний хаалтын үеэр 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр нэгдүгээр байрт шалгарсан Хорих 435 дугаар анги, Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба,хоёрдугаар байрт шалгарсан Хорих 407 дугаар анги, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, гуравдугаар байрт шалгарсан Хорих 415 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нарт шагналыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.
Ж.Батсайхан