Риогийн олимпийн наадамд оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-23 15:32:50

Өнөөдөр "Рио-2016" зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол Монголын үндэсний олимпийн хороо/ МҮОХ/-ны байранд боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч, Эрүүл мэндийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн захирал, Ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУСГЗ Ж.Отгонцагаан нар оролцож, "Lapel Pin" энгэрийн тэмдгийг хүрэлцэн ирсэнитамирчдад гардууллаа.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид анх удаа Токио хотноо 1964 онд болсон олимпийн наадамд хурд хүчээ сорьсноос хойш 13 удаа зуны олимпийн наадамд оролцсон бөгөөд нийт 259 тамирчин спортын 11 төрөлд /чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, гимнастик, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, тэквондо, усанд сэлэлт/ хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Эдгээр олимпийн наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл нийт 26 медалийг Монгол Улсын 25 иргэн хүртээд байгаа билээ. Олимпод оролцсон тамирчдаас эх орноо төлөөлөн Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа буудлага спортын төрөлд 6 удаа, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дархан аварга, Х.Баянмөнх чөлөөт бөхийн төрөлд 5 удаа тус тус оролцсон нь хамгийн дээд амжилт юм.

Д.Өлзий

相关新闻