УИХ-ын дарга З.Энхболд ахмадын зөвлөлгөөнд илгээлт ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II зөвлөгөөнд УИХ-ын дарга илгээлт ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.
Монголын мянга мянган ахмадыг төлөөлөн хүрэлцэн ирсэн Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурал хүн амын насжилт, ахмад настны талаар баримтлах бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө бололцоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Зөвхөн 2015 онд гэхэд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, Ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн тухай,“Баялгийн сангийн тухай” зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.
Ахмад настнууд бол дан ганц халамж, асрамж шаарддаг нийгмийн идэвхгүй хэсэг биш, тэд маань улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд өөрсдийн хөдөлмөр хүчээ дайчлан оролцох чин хүсэлтэй ажиллах хүчний асар их нөөц бөгөөд үндэстнийхээ бахархал, соёл, уламжлалыг тээгчийн хувьд өөрсдийн арвин мэдлэг чадвар, туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, тэднийг төвлөвшүүлэн хүмүүжүүлэгчид мөн. Тийм ч учраас ахмадуудад зориулсан тогтвортой ажлын байр бий болгох, хувиараа хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих эрх зүйн болон санхүүгийн боломжит орчныг бүрдүүлж, ахмад настныг ажлын байраар хангаж буй, тэдний нийгмийн хамгаалал, алдагдсан чадварыг нөхөн сэргээж сувилах талаар санаачилга гарган ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг эдийн засгийн хөшүүргийг ч хуульчлах шаардлага гарч байна.
Сүүлийн үед дэлхийн хүн ам бүхэлдээ насжих хандлагатай байна. Монгол Улсын хүн ам ч удахгүй насжиж эхлэх төлөвтэй. Иймд энэ нөхцөл байдалд бэлтгэх, насжилтаас үүдэн гарах сорилтуудыг даван туулах эрх зүйн үндсийг өнөөдрөөс эхлэн бий болгох ёстойг хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь зүйтэй.
“The Economist” сэтгүүлээс 2015 онд явуулсан судалгаагаар өндөр настанд үзүүлэх эмчилгээ, анхаарал, халамжийн чанарыг харуулсан үзүүлэлтээр Монгол Улс бага орлоготой орнуудын нэгдүгээрт, дэлхийд 28-д орсон байна. Энэ бол монголчууд бид ахмад настнаа хүндлэн дээдэлж, сургааль айлдварыг нь сонсож, тэднээсээ цаг үргэлж суралцаж ирсэн оюуны арвин их өв, уламжлалтай ард түмэн гэдгийг харуулж буй явдал юм. Энэ уламжлал бол олон зууны туршид өвлөгдөж ирсэн бидний гайхамшигт соёл мөн.
Хүндэт ахмадууд аа, та бүхнээс залуу үеэ хүмүүжүүлэх, тэднийг ажил, амьдралын зөв хэвшилд сургах хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Та бүхэнд болон та бүхнээр дамжуулан Монголынхоо бүх ахмадуудад эрүүл энх, сайн сайхныг хүсч, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД