Кисэносатогийн Ёкозүна цолны ёслол баасан гарагт Токиод болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-25 17:16:29

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдах зөвлөл өнөөдөр /2017.01.25/ хуралдаж, озэки Кисэносатод Ёкозүна /Их аварга/ цол  олгохоор шийдвэрлэсэн байна.

Кисэносатогийн Ёкозүна цолны ёслол ирэх баасан гарагт буюу нэгдүгээр сарын 27-нд Токио хотын төвд орших Мейжи сүмд болох юм. Сумогийн дэвжээнээ 19 жилийн дараа төрсөн япон Ёкозүна буюу Их аваргын ёслолоо Үнрюү хэмээн дэг ёс бүхий жаягаар хийхээр сонгож, дэвжээний оякатагийн тусламжтай энэ хүндтэй ёслолдоо бэлтгэж байна.

Ёкозүнагийн Дохё-ири буюу дэвжээний ёслол нь Үнрюү, Ширанүи гээд сүмогийн эртний түүхэн дэх аваргуудын нэрээр нэрлэгдсэн хоёр хэлбэр жаягаар хийдэг. Сумогийн дэвжээнд төрөн гарсан аваргуудын ихэнх нь 10 дахь ёкозүна Үнрюүгийн хэв маягийн ёслолыг сонгодог байна.

Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Их аварга /Ёкозүна/-ын амжилтуудаас дурдвал, Таканоханагаас хойш хоёр башё дараалж 13 давсан, мөн түүнээс хойш гурван башёд 38 давсан анхны япон бөх юм. Таканохана аваргаас хойш гурван башё дараалан 12-оос дээш давсан  болон 10 башё дараалан 10-аас давсан анхны япон бөх болж байна. Ваканохана аваргаас хойш жилийн туршид хамгийн олон даваа авсан болон Таканоханагаас хойш сүүлийн 90 барилдааныхаа 74-т нь давсан японы анхны бөх юм. Мөн Таканоханагаас хойш сүүлийн зургаан башёд таван удаа 12-оос давсан болон Ваканоханагаас хойшхи анхны япон Ёкозүна гэсэн амжилтын эзэн болоод байна.

Д.Өлзий

相关新闻