Орон нутгийн прокурорууд онцгой нөхцөлд ажилладаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-31 11:07:47

Төв орон нутгийн прокурорын байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд нийслэлд болж, ажил хэргийн уулзалтуудаар амжилттай өндөрлөлөө. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын 60 гаруй удирдах ажилтнууд оролцож,  удирдах ажилтнуудын манлайлах ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх, өөрийн болон бусдыг танин мэдэж удирдах зэрэг сэдвүүдээр сургалтанд хамрагдсан байна.

Прокурорын байгууллага 2016 онд хийсэн ажлаа дүгнэж, 2017 онд хэрэгжүүлэх зорилгоо тодорхойлсон. Тус байгууллагаас 2016 оныг шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан бол 2017 онд ч энэ зорилтоо үргэлжлүүлэхээр болжээ. 2016 онд шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд 389 шүүх хуралдаанд оролцсон нь өмнөх онтой харьцуулахад 306-аар буюу 4,5 дахин өсчээ. Мөн 2016 онд анхан шатны шүүхээр 6132, давж заалдах шатны шүүхээр 1439, хяналтын шатны шүүхээр 334 хэргийг эцэслэн шийдвэрлүүлж, давхардсан тоогоор 7905 удаа шүүх хуралдаан оролцож, санал дүгнэлтээ гаргажээ. Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон зарим удирдах ажилтны сэтгэгдлийг сонсов.

УЕП-ын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр:

-Өнгөрсөн онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтын нэг бол прокурорын байгууллага төр нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх явдал байсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд бид Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, тэдний чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн орон нутгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлага зохион байгуулсаны үр дүнд төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр иргэний хэрэг, хянан шийдэх ажиллагаанд оролцлоо. Өнгөрсөн онд 460 хүсэлт төрийн байгууллагаас хүлээж авснаас 390 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 10 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг шийдвэрлүүлсэн. 2017 онд прокурорын байгууллагаас дэвшүүлж байгаа зорилтын хүрээнд төр нийтийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах энэ чиг үүргийг үргэлжилж байгаа. Эрүүгийн гэмт хэргийн улмаас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд иргэний хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцдог. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад хэрэг шалгах, хөөн хугацаа дуусах эсвэл эрүүгийн гэмт хэргийг шалгах явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол хэрэгсэхгүй болох, өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болдог тохиолдлуудын цаана төр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэм хорын хохирол арилахгүй үлдээд байдаг. Энэ гэм хорын хохирлыг л бид төрийг төлөөлж, арилгуулах чиг үүргээ 2016 онд биелүүлсэн. Ирэх онд ч гэсэн энэ чиг үүргээ үргэлжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын прокурорын газрын ахлах прокурор Д.Энх-Оргил: 

-Манай сум дундын прокурорын газар 2016 онд нийт 46 ажил төлөвлөн ажиллаж, УЕП-оос дэвшүүлсэн бодлоготой уялдуулан өөрсдийн зорилттой уялдуулан ажилласан. Манай хяналтын харьяалалд стратегийн ач холбогдол бүхий “Тавантолгой”, “Оюутолгой” гэсэн хоёр том уурхай үйл ажиллагаа явуулдаг. Энэ дөрвөн суманд гарч буй гэмт хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Хилээр хууль бусаар ховор ан амьтан,түүний эд эрхтэн, чулуу, хориотой ан агнах гэсэн тодорхой гэмт хэрэг буурсан. Харин нүүрсний тээвэртэй холбоотой гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Нийт 6000 гаруй том оврын автомашин нүүрс тээвэрлэдэг. Өдөрт Гашуун сухайтын боомтоор 1000 орчим машин нэвтэрдэг. Нүүрс тээвэрлэж байгаа автомашины жолооч нар автомашины осол гаргах,  зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, бусдын эд хөрөнгөд онц их хохирол учруулдаг гэмт хэргийг хянахаар  ямар нэг бичиг баримтгүй, оршин суух тодорхой хаяггүй хүмүүс ирж машин жолоодож буй нь илэрдэг. Мөн автомашины жолооч нар урт зам туулах хугацаандаа “Ми Ми” гэх сэргээшийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх  нь ч нэмэгдсэн. Энэ нь өөрөө эмийн төрлийн бүтээгдэхүүн биш, хар тамхины төрлийн биш ч тухайн хэрэглэсэн хүнийг сэргээх, нойргүйдлийг бууруулах үйлчилгээтэй бөгөөд түүнээс болж аваар осол гарах тохиолдлууд нэмэгдэж байна. Тиймээс гарч байгаа гэмт хэрэгтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гарч байгаа гэмт хэргийг бууруулах, шалтгааныг тогтоох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын ахлах прокурор С.Цэрэндалай:

-Манай аймагт хамгийн том боомт байдгаас  шалтгаалан прокурорын байгууллагын тавих хяналт нь бусад газраас өөр байдаг.  Монгол Улсын хилээр хориотой эд зүйлийг нэвтрүүлэх, татвараас зайлсхийх хэрэг зөрчил хамгийн их гардаг. Замын-Үүд боомтоор маш олон бараа материал оруулж ирэхдээ татвараас зайлсхийх, материал бүрдүүлэлтээ дутуу хийдэг зөрчлүүд, нэн ховор амьтан түүний эд эрхтэн, алт, түүх соёлын дурсгалт зүйлс, шашны холбогдолтой зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэхэд гааль, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагатай нягт холбоотой ажиллаж байна. Жилд дунджаар 5000 орчим хэрэгт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэл хийдэг. Сүүлийн үед татвараас зайлсхийх гэмт хэрэг өдөр бүр гардаг ч 2016 оны эцсийн байдлаар татвараас зайлсхийсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй. Яагаад гэхээр 2015 онд Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхүүдэд татвараас зайлсхийж байгаа татварын хэмжээ нь их хэмжээнд хүрээгүй тохиолдолд заавал эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэсэн чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор прокурын хяналтын шатанд байсан хэргүүд хэрэгсэхгүй болсон. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан үед хуулиараа 24 саяас дээш төгрөгийн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ёстой гэж өөрчилсөн. Гэтэл өдөр тутам гардаг хэргүүд нь 24 сая хүртэлх хэмжээний татвараас зайлсхийх нөхцөл үүсдэггүй, хамгийн дээд тал нь 10 сая орчим төгрөгийн татвараас зайлсхийх тохиолдол байдаг. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга болсонтой холбогдуулан 30 саяас дээш хэмжээний татвараас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр болж байгаа юм. Мөн сүүлийн үед алт хууль бусаар хилээр гаргахыг завдсан тохиолдол цөөнгүй гардаг.  

Баянхонгор аймгийн прокурор Ж.Уранцэцэг:

-2016 онд эмч, эмнэлгийн байгууллагатай холбоотой гурван хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэг эмнэлгийн ажилтны хуулиар хүлээсэн журмаа биелүүлээгүйтэй холбоотойгоор гэмт хэрэг гарч байгаа. Нөгөө талаар тухайн гэмт хэргийн холбогдогчоос шалтгаалан гэмт хэрэг гарах тохиолдол байна. Жишээлбэл, Баянхонгор аймагт нярай хүүхдийнхээ амь насанд санаатайгаар халдсан гэмт хэрэг гарсан. Гэтэл энэ хэрэг тухайн хүнтэй өөртөө нь холбоотой. Харин бусад хоёр төрлийн гэмт хэрэг нь эмнэлгийн ажилчдын хариуцлагатай холбоотой гарсан хэрэг. 2017 онд манай аймгийн прокурорын байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх, хэрэг үйлдэгдэж байгаа хэргээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж гэмт хэрэг үйлдэгдэх, хохирох шалтгаан нөхцөл их байдаг учраас иргэдийнхээ эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

Зөвлөлгөөнд оролцсон прокурорууд ийм сэтгэгдэлтэй байна.

Ж.Батсайхан

 

相关新闻