Өдөрт 60 гаруй оюутан цагийн ажилд бүртгүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-01-31 16:54:35

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс цагийн ажил хайгчдад зориулсан “Part time” чиглүүлэх 71 дэх удаагийн сургалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн биржээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн болон байнгын ажлын байранд 5 дахь жилдээ зуучилж байна. Өнгөрсөн онд байнгын ажлын байранд 4816, цагийн ажлын байранд 13858 залуусыг ажлын байранд зуучилжээ.

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржийн  гүйцэтгэх захирал М.Болорцогт, “Манай Хөдөлмөрийн төв биржид өдөртөө 20-30 цагийн ажлын байрны захиалга орж ирдэг. Үйлдвэрлэл, дэд бүтцийн салбар хөгжөөгүйтэй холбоотой тэр чиглэлийн цагийн ажил тааруу ч борлуулагч, сурталчилгааны ажилтан, барилгын дараах цэвэрлэгээ зэрэг ажил элбэг. Манай залуус сүүлийн үед цагийн ажил хийх сонирхолтой болсон. Сүүлд хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 60 гаруй оюутан цагийн ажилд бүртгүүлдэг. Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн фэйсбүүк хуудсаар зочилдог хүмүүсийн 60 гаруй хувь нь 20-24 насны эмэгтэйчүүд байдаг. Энэ насны хүмүүс цагийн ажил түлхүү хайдаг гэдгийг харж болно. Цагийн ажлын дундаж хөлсийг хуулиар тогтоосон зүйл байдаггүй учир байгууллагаасаа шалтгаалаад янз бүр. Дунджаар нэг цагт ажиллахад 2500-5000 төгрөгийн үнэтэй” гэв.

Ж.Болор

相关新闻