Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэдэд арга зүйн зөвлөгөө өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-03 15:44:57

Нийслэлийн Боловсролын газраас  2016-2017 оны хичээлийн жилд шинээр сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.

Жил бүрийн хоёрдугаар сарын 25-ны дотор сургууль, цэцэрлэг байгуулах гэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох материалаа боловсруулж өгдөг байна. Иргэд материалаа дутуу бүрдүүлэх, буруу боловсруулах нийтлэг алдаа их гардаг аж. Тиймээс энэ удаагийн сургалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, “Нийслэлд нийт 627 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэг 59, төрийн бус өмчийн цэцэрлэг 47-оор нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол хамрах ёстой 145 мянга 47 хүүхэд байгаагаас 105 мянга 85 хүүхэд цэцэрлэгт хамарч байна. Цаана нь 40 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллан, сургууль, цэцэрлэг барих газруудад судалгаа хийн, зарим газрыг чөлөөлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хашаа нь том, өргөтгөл хийх боломжтой газруудад өргөтгөл хийнэ” гэв.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “Аж ахуйн нэгж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль, “Боловсролын тухай” хууль, БСШУ-ы сайдын 2010 оны тушаалын дагуу “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг тус тус баримтлан материалаа бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.mn хаягаар авах боломжтой.

相关新闻