Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд оролцсон оюутнууд цом гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛОлон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн VIII бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа "Business Simulation" тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод өнгөрсөн оны 12 дугаар сард болж, шилдгүүдээ тодруулсан.
Тус тэмцээнд амжилттай оролцсон оюутан залуусыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 03-нд хүлээн авч, ACBSP байгууллагын сертификат, цомыг албан ёсоор гардуулан өгөв.
Тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн наймдугаар бүсэд харьяалагддаг нийт 10 сургууль өрсөлдсөнөөс Монгол Улсаас МУИС, “Отгонтэнгэр” их сургууль, “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг өрсөлдсөн юм.
Адил гараанаас эхэлж сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд “Отгонтэнгэр” их сургуулийн баг дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр, “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг тусгай байр эзэлжээ. Арабын нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсын их сургуулиудын баг тэмцээний найман үеийн турш гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөд нийцүүлсэн шийдлүүдээр шийдвэр гарган өрсөлдсөн юм.
Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудтай өрсөлдсөн манай оюутнууд ийнхүү амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгалаа хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.