Л.Зориг:Дотоодын ААН-ийг дэмжсэнээр 500 сая ам.доллар хэмнэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУИХ-аас энэ сарын 02-нд баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 4678 аж ахуйн нэгж жилд нийт 1.3 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамарна хэмээн ТЕГ-аас мэдээлэв.
Уг хуулиар хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэг жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийн албан татварыг нэг хувиар тооцож авах юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар тооцдог бөгөөд дээрх салбаруудын татварыг хөнгөлснөөр импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө хэмээн Засгийн газар үзсэн.
Дээрх дөрвөн салбарт импортын бүтээгдэхүүн ихээр орж ирдэг байна. Тухайлбал, хувцас, нэхмэлийн салбарт 63.3 сая ам.доллар, 320.2 сая ам.долларын хүнсий бүтээгдэхүүн зэргээр 500 сая ам.долларын бараа импортолдог аж. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжиж, хөрөнгө тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах боломж олгосноор 500 сая ам.долларыг хэмнэх боломжтой хэмээн ТЕГ-ын дарга Л.Зориг хэллээ.
Ч.Ариунболд