Үр дүн нь гарсан төслийн орлогын хоёр хувь буюу 11,5 сая төгрөгийн ШУТ-ийн санд хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-06 19:11:56

Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт зохиогчийн эрх патентыг үнэлүүлэх ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэхээр боллоо.

Шинжлэх ухаан технологийн сан, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх чиглэлээр хамтран ажиллах гэрээг “Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ” нээлттэй өдөрлөгийн үеэр байгуулсан юм.

Мэдээлэл Технологийн үндэсний паркад болсон өдөрлөгөөр Шинжлэх ухаан, технологийн санд орлого төвлөрүүлэх замаар шинэ бүтээл нэвтрүүлэх шаардлагатай байгааг эрдэмтэн судлаачид онцлов.

 2009 оноос хойш улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгөөр нийт 74 инновацийн төслийг санхүүжүүлжээ. Үүнээс 16 нь анагаахын чиглэлээр, 11 нь байгалийн, 8 нь нийгмийн, 21 нь техник технологийн, 18 нь хөдөө аж ахуйн салбарт  хэрэгжжээ.

Шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийн эхлэл нь оюуны өмч юм. Улсын хэмжээнд Шинжлэх ухаан технологийн санд 252 төслийн оюуны өмч бүртгэгдсэн. Эдгээрийг үнэлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах нэн шаардлагатай байна хэмээн Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал онцоллоо.

Харин Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү ярихдаа, “Улсын бүртгэлд бүртгэгдээгүй оюуны өмч бол үнэ цэнэгүй байдаг. Тиймээс бид Шинжлэх ухаан технологийн сантай хамтран оюуны өмчийг үнэлэх ажлыг анх удаа хийх гэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг ажиглахад эрдэмтдийнхээ оюун ухаанаар бүтсэн зүйлийг маш өндрөөр  үнэлж, түүгээрээ мөнгө олдог байх жишээтэй. Манайх ч бас энэ жишгээр явна” хэмээв.

Мөн үеэр “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх журам”-ын 6.4-т заасны дагуу үр дүн нь гарсан гурван төсөл орлогынхоо хоёр хувь буюу нийт 11.5 сая төгрөгийг Шинжлэх ухаан технологийн санд хандивлалаа.

Үүнээс 5.5 сая төгрөгийг 2015-2016 онд хэрэгжсэн Б.Баттөр удирдагчтай Малын хачиг шавжийн эсрэг үйлдэлтэй шинэ эмийн үйлдвэрлэл инновацийн төсөл, гурван сая төгрөгийг 2014-2016 онд хэрэгжсэн Д.Дандий удирдагчтай Миланодермин Доц шинэ био бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн төсөл, гурван сая төгрөгийг 2013-2016 онд хэрэгжсэн Ч.Батсүх удирдагчтай Хуурай сүү үйлдвэрлэх зэхэц ажлын инновацийн төслөөс хандивласан юм. Өдөрлөгийн үеэр БСШУС-ын Сайд Ж.Батсуурь улсаас санхүүжүүлсэн шинжлэх ухааны төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгаад талархлаа илэрхийлсэн юм.

Л.Нандинцэцэг

相关新闻