Азийн Сангийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол HD телевизийн Э.Лхагва шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-02-07 11:32:15

2017 оны “Азийн Сангийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөр: Азийн ирээдүйн манлайлагчид” хөтөлбөрт эрэн сурвалжлах сэтгүүлч, "Монгол HD" Телевизийн мэдээний албаны гүйцэтгэх продюссер Э.Лхагва шалгарлаа.

Тэрээр Ротари клубын Элчин сайд нарын тэтгэлэгт хамран Хонгконгийн их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн судалгааны төвд суралцсан бөгөөд Монгол HD телевизийн мэдээний хөтөлбөрийг хамгийн олон үзэгч бүхий хөтөлбөрийн нэг болгож чадсан.

Мөн тэрээр Дэлхийн эдийн засгийн форумын Глобал Шейперс нийгэмлэгийн гишүүнээр сонгогдож, Форбс Монгол сэтгүүлийн 30 хүртэлх насны 30 манлайлагчийн тоонд багтаж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны олон улсын манлайлагчаар нэрлэгдсэн билээ. 

Энэ оны Азийн сангийн хөтөлбөрт Афганистан, Бангладеш, Камбож, Энэтхэг, Индонези, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка, Тайланд улсаас төр, төрийн бус байгууллага, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлсөн, өөрийн салбарт тодорхой амжилт гаргасан, хүсэл тэмүүлэл бүхий 7 эмэгтэй, 5 залуу манлайлагчийг шалгаруулсан юм.

Сонгогдсон оролцогчид Азийн Сангийн үйл ажиллагааны үндсэн салбар болох засаглал, эрх зүй, эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, байгаль орчин болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг салбарт ажиллаж туршлага хуримтлуулан, тодорхой амжилт гаргасан хүмүүс юм.

2017 оны хөтөлбөрийн хүрээнд оролцогчид БНСУ, Вьетнам болон АНУ-ын Сан Франциско хотод болох тусгайлсан сургалт, мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах эсвэл тухайн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөлд зарцуулах 5.000 ам.доллар хүртэл хэмжээний тэтгэлэг багтаж байна.

Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй Азийн Сангийн манлайллын хөтөлбөр нь эдгээр залуусыг нэгтгэж бүс нутгийн хамгийн тулгамдсан хөгжлийн сорилтуудад хандсан бүтээлч шийдлийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм.

Ж.Болор

 

 

 

相关新闻