Д.Ганболд пара цанын ДАШТ-д хурдаа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨнөөдөр Спортын төв ордонд Пара цанын ДАШТ-д хурд хүч, ур чадвараа сорин уралдах пара цанын спортын тамирчин Д.Ганболд хэвлэлийн бага хурал хийж уг тэмцээн болон бэлтгэл сургуулилтынхаа талаар сонирхуулав.
Тэрбээр, “Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчидтай бэлтгэлээ хийдэг бөгөөд түүний амжилт жилээс жилд ахиж байна. ДАШТ-д зориулж дасгалжуулагч Ж.Дондогийн багшийн удирдлага дор 11.500 км-ын бэлтгэл сургуулилт хийсэн. Энэ ДАШТ-д гурван зайд уралдана. Бэлтгэл сайн байгаа. Энэ дашрамд дэмжигч байгууллага болох БТСГ, МҮОХ, Ус сувгийн удирдах газар, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, Үндэсний шигшээ багийн хамт олондоо баярлаж байгаагаа онцлон хэлмээр байна" гэв.
Германы Финстерау хотноо энэ сард болох Пара цанын ДАШТ-д манай тамирчин Д.Ганболд II.10-нд 1.5 км-т, II.15-нд 10 км-т, II.20-нд 20 км-т тус тус уралдан хурд, хүч, ур чадвараа сорих юм.
Тэрбээр энэ тэмцээний дараа БНСУ, Японд болох олон улсын тэмцээн болон ирэх сарын 7-16-нд Солонгос улсад зохион байгуулах Дэлхийн цомын АШТ-д оролцоно.
Б.Ганболдын хувьд “Пёнчан 2018” өвлийн паралимпийн наадамд оролцох эрхийн 180 оноог цуглуулах шаардлагатай. Тэр өнөөдөр 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан 2018” паралимпийн наадамд нэг км, 10 км, 20 км-ын зайд уралдах юм.
Д.Өлзий