Бүтцийн өөрчлөлтийг 1 дүгээр сарын 1-нээс хийсэн шиг хийх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Засгийн газрын бүтцийг цомхотгох асуудал өнөөдөр ид яригдаж байна. Засгийн газрыг анхнаасаа цомхон бүтэцтэй эмхлэн байгуулах боломж байсан уу?
-2012 онд Засгийн газар байгуулж байх үед цомхон бүтэцтэй байя гэдэгт манай бүлэг, бүлгийн гишүүд саналаа хэлж байсан. Нийгмийн зүгээс ч цомхон, чадварлаг бүтэцтэй Засгийн газартай больё гэсэн хүлээлттэй байсан. Одоо ч гэсэн Үндсэн хуулиндаа Засгийн газрын бүтцийг хуульчилж өгье гэсэн саналууд гарсаар байна. Тэгэхээр энэ сэдэв маань нийгэмд хүлээлт үүсгэсэн том сэдэв юм.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүд өөрсдөө ч Засгийн газрын бүтцийг байн байн өөрчилж байхын оронд Үндсэн хуулиараа хуульчилж өгөх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэх болсон. Таныхаар бол ямар бүтэцтэй байвал зохистой вэ?
-Засгийн газрын бүтцийн асуудлыг энд тэнд явж байхдаа судалж байсан. Үндсэн хуулиндаа хуульчилж оруулсан улс орнууд байдаг юм билээ. Энэ нь зөв болов уу гэж бодож байна. Хэдэн яамтай, хэдэн агентлагтай байх тухайд би саналаа хэлэх биш, маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Ер нь Монгол Улсын эдийн засгийн бүтэц, өнөөгийн болоод ирээдүйн нөхцөл байдал зэргийг судлаад ямар чиглэлийн хэдэн яамтай байвал зөв зүйтэй юм бэ гэдэг дээр тооцоогоо үндэслэлтэй хийгээд Үндсэн хуулиндаа оруулаад авбал Засгийн газрын бүтэц тогтвортой байх байх болно.
-УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хариуцсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг Засгийн газрын бүтцийн асуудлыг тусгаж байгаа болов уу. Энэ тухайд та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Энэ талаар ямар нэг мэдээлэл алга. Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулинд оруулна, оруулахгүй гэсэн маргаан бий. Миний хувьд судалгаа тооцоогоо сайн хийвэл Үндсэн хуулиндаа тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Бүтцийн өөрчлөлтийг ирэх оны 8 дугаар сарын нэгнээс эсвэл оны эхнээс хийх нь зүйтэй гэсэн хоёр байр суурь яваад байна?
-Шинээр байгуулагдсан УИХ Засгийн газраа байгуулаад явдаг. Гэтэл тэрийг нь одоо бид ярьж хэлэлцээд байдаг. Энэ чинь зохимжгүй. Бүтцийн өөрчлөлт хийвэл нэгдүгээр сарын нэгнээс хийсэн шиг хийх хэрэгтэй. 8 дугаар сарын 1-нээс өөрчлөлтөө хийнэ гэвэл дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг. Үндсэндээ бол Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг л дээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ