Өнөөдөр Монгол Улсын маршал, төрийн зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсанг дурсах өдөр юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сарын эх буюу 2 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдрийг манай төр, засаг болон үр хүүхэд, ар гэрийнхэн ньёслон тэмдэглэж, түүхэн гавьяаг нь дурссан билээ. Тэгвэл өнөдөөр түүний үйл хэргийг залгамжлагч, Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ой тохиож байна.
Ардын хувьсгалын галыг 1921 оноос эхлэн ноцоож, улс эх орныхоо хүнд хэцүү үеэс, цэцэглэн мандах үйлсэд зүтгэн сайн, мууг ологтоо дуулсан Х.Чойбалсаны төрсөн өдрийг бас нэгэн дурсая. Чойбалсан нь Жамц гэдэг хүний хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглосон болоод төрөх үедээ Дугар гэдэг нэртэй байсныгч сүүлийн үеийн түүхэн сурвалжуудад дурдах болсныг онцольё. Олон түмэндээ "Маршал Чойбалсан" гэгдэх болсон тэрбээр 1895 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг хар бор ажил хийжээ. Харин заяа төөрөг юм уу, аз нь таарч автономит Монголын анхны сургуульд орж суралцан боловсролынхоо гарааг эхэлсэн байна. 1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт Орос улс, Коминтернтэй холбоо тогтоох бүлэгт орж, улмаар Ардын нам байгуулхад оролцсон ардын хувьсгалын анхны долоогийн нэг болжээ. 1921-1928 онд Бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, улмаар Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын Сайд Нарын Зөвлөлийн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаардэвшин ажилласан намтрын товчоо байдаг. Х.Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж, гавьяа байгуулсан боловч 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг газар авахуулж, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулсан гэж түүхчид буруутгасаар байгааг ч нуултгүй. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн, төрийн гарамгай зүтгэлтэн гэж үнэлэх гавьяа ч бас бий. Москвад эмчлүүлэхээр очоод 1952 онд нас барснаар төр засагт зүтгэх ажил нь дуусчээ. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн Дорнод аймгийн төв болон нэг сум түүний нэрээр нэрлэгдсэн. Мөн МУИС, нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг Х.Чойбалсангийн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг нь босгосон байдаг. Ийнхүү хувьсгалт тэмуэл, монгол газар шороогоо хамгаалсаар үлдсэн Хорлоогийн Чойбалсанг өнөөдөр дурсах л учиртай.
Ж.Батсайхан