Хотоос гадагш ажлын байр бий болгох нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” анхны уулзалтаа хийлээ.
Тэд эхний уулзалтаараа хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэсэн юм.
Энэ үеэр Хотын дарга С.Батболд агаарын бохирдлын чиглэлээр өрнүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар мэдээлэл өгсөн юм.
Хотын дарга хэлэхдээ, “Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Дэлхийн агаарын бохирдол ихтэй бусад хотууд ихэвчлэн хүнд үйлдвэр хөгжүүлсэнтэй холбоотой. Харин манай хотынх энгийн зуухны галлагаатай холбоотой. Түүнчлэн агаарын бохирдлын гол шалтгаан нь амьжиргааны түвшин, ядууралтай холбоотой бөгөөд уг үндсээр нь арилгая гэвэл эдийн засгийн өсөлттэй байх явдал юм. Хүн ажил, орлоготой болвол амьдрах орчноо мэдээж сайжруулна. Хотын захирагчийн хувьд би гурван захирамж гаргасан. Суурьшлын бүсийг тодорхойлж, агаарын чанарын бүсчлэлийг тогтоон, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн төрөөс татаас авдаг айл өрхүүдэд түүхий нүүрс тараахгүй, зөвхөн сайжруулсан түлш олгоно. Эдгээр арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш их чухал юм. Түүнчлэн Төв аймгийн Улаанбаатар хоттой ойрхон сумдад үйлдвэр, аж ахуйн газар байгуулж, ажлын байр бий болгох замаар утааг бууруулахаар ажиллаж байна” гэв.
Харин Танхимын гишүүдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдээр санал солилцсон юм.
Тэд нийтийн тээвэрт шингэрүүлсэн нефтийн хий ашигладаг автобусыг нэвтрүүлэх, өдөрт 6-8 цаг цахилгаан зарцуулж дулаанаа нөөцөлдөг дулаан хадгалагч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүд түлхүү ашиглах хэрэгтэй гэдэгт төвлөрсөн юм. Мөн агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болох гэр хорооллын механик өсөлтийг бууруулахын тулд хотоос гадагш ажлын байрыг олноор бий болгох нь чухал гэв.
Б.Заяа