Канад улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд талархав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-14 10:45:30

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эд Жэйгарыг энэ сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны талаар танилцуулаад өнгөрсөн онд УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог бүх чиглэлээр түлхүү нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа талаар танилцуулж, Канад улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Азийн сангийн төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буй талаар  Канадын элчин сайдад талархал дэвшүүлэв. Ноён Эд Жэйгар "Канад улс, Монгол улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд, Авлигын эсрэг үндэсний чуулган амжилттай болсон талаар онцлож цаашид Авлигатай тэмцэх газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа" илэрхийлэв. АТГ-ын дарга Х.Энхжаргал болон  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчид сайд Эд Жэйгар нар цаашид хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ гэж АТГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻