Байнгын хороод 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дөрвөн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт “А” танхимд хуралдаж, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Б” танхимд эхэлж, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
Харин Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болж, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх аж.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт “А” танхимд эхэлж, Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал дүгнэлтээ мөн Төсвийн байнгын хороонд хүргүүлэх аж.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” эхэлж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, 2015 оны төсвийн тодотгол, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Төсвийн байнгын хороо маргааш буюу энэ сарын 21-нд хуралдаж, 2015 оны төсвийн тодотголын талаар байнгын хороодоос ирсэн санал, дүгнэлтийг нэгтгэн, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлгэх юм.
Ч.Ариунболд