Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны түүхт 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1945 оны энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтносон улсаа баталгаажуулахаар ард нийтийн санал асуулгад оролцож, улс орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн хувь заяаны төлөө саналаа өгсөн юм.
Халх голын болон чөлөөлөх дайнд МАХЦ, Зөвлөлтийн улаан армитай мөр зэрэгцэн тулалдаж ялалт байгуулах нь тусгаар тогтнолоо баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх стратегийн чухал ач холбогдолтой дайн байв. Тухайн үеийн ОХУ-ын удирдагч И.В.Сталин Ялтын хэлэлцээрийн үед Англи, АНУ-ын тэргүүн БНМАУ-ын тусгаар тогтнолыг байгаа хэвээр нь хадгалах тухай асуудлыг Японтой хийх дайнд орох болзлын нэг болгон тавьсан. Энэ нь АНУ, Англи анх удаа Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөн нотлоход дэмжлэг үзүүлсэн нааштай алхам болсон юм.
Уг асуудлаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Г.А.Уолес 1944 онд Монголд айлчилж, Маршал Х.Чойбалсантай уулзаж, ярилцсан байдаг. Айлчлалынхаа дараа тэрбээр Монголын тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг Дундад иргэн улсын Засгийн газарт мэдэгдэхийг АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт санал болгожээ.
Гэвч Дундад иргэн улсын засгийн газраас “Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнохыг удаа дараа хүсч эрмэлзсэн учир Дундад Улсын засгийн газар Японыг дарсаны дараа Гадаад Монголын ард түмэн нийтийн хүсэл эрмэлзлээ нотлох ахул, Дундад Улсын засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр хүлээн зөвшөөрч байна” гэсэн нот бичиг ирүүлжээ. Үүний дагуу Монголын Засгийн газар 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улсыг тусгаар тогносон улс байхыг дэмжих эсэх талаар ард нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Уг санал асуулгад оролцсон иргэд 100 хувь дэмжих санал өгсөн байна.
Ийнхүү 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн дэлхий дахинаа өөрийн тусгаар тогтнолыг баталсан түүхэн үйл явдал болжээ. Хятадын Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, 1946 оны хоёрдугаар сарын 13-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох нот бичгийг солилцов.
1949 оны 10 дугаар сарын 1-нд Хятадад үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, БНХАУ-ыг тунхагласан бөгөөд Маршал Х.Чойбалсан БНХАУ-ын ерөнхий сайд, ГЯЯ-ны сайд Жоу Энь Лайд нот бичиг илгээж, БНХАУ-ын Төв засгийн газраас гаргасан тунхаг бичигт баяр хүргэж, тусгаар тогтносон, эрх чөлөөт, ардчилсан Хятад ард улс, түүний бүх ард түмэнд амжилт хүсэн ерөөж байв. Түүний хариуд Жоу Энь Лай хариу талархал ирүүлсэн нот бичигтээ “Гоминданы хятадын эрх баригчид хятадын ард түмнийг зовоож байсан шигээ Монголын ард түмнийг заналхийлж байв. Хятад, Монголын ард түмний найрамдалд элдвээр саад тавьж байсан тэр цаг эцэс болов” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Ч.Ариунболд