Аж ахуйн нэгжүүдэд шаардлага хангасан материалаар барилга барихыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБарилгын ханган нийлүүлэгчдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.
Чуулганы зорилго барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахад чиглэжээ.
Дээрх чуулга уулзалтад төрийн болон ТББ-ын төлөөллөөс гадна барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид оролцов.
Барилгын ханган нийлүүлэгчдийн анхдугаар чуулга уулзалтын үеэр барилгын материал үйлдвэрлэгчид, бөөний худалдаалагчид нэгдэж “Барилгачин” группийг үүсгэн байгуулснаа зарлалаа.
Тус группын үйл ажиллагаа барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгож, чанартай, хямд бүтээгдэхүүнийг нэг сувгаар эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд чиглэж буй аж. Мөн үеэр салбарын яамнаас барилгын чанар нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал учир аж ахуйн нэгжүүдэд шаардлага хангасан материалаар барилга барихыг анхаарууллаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ярихдаа, “Өнөөдрийн байдлаар 30 мянган орон сууц борлогдоогүй байна. Дөрвөн том цементийн үйлдвэрээс гадна 100-гаад бетон зуурмагийн үйлдвэр хаалгаа барьсан. Энэ нь зөвхөн барилгын салбараар хэмжигдэхгүй хөрөнгө оруулалт хийж буй зээл олгосон арилжааны банкуудад ч хүндхэн тусч байна. Барилгын салбарын худалдан авалтын дийлэнх нь бартер болсон байна” гэлээ.
Энэ талаар “Монголын бартер Эксченж” компанийн борлуулалт хариуцсан захирал Д.Энхболд “Бидэнд барилгын чиглэлийн бартерын хандалт их ирж байна. Манай компанийн үзүүлж буй бартерын үйлчилгээ нь олон талт зуучлалтай учир харилцагчдад өргөн сонголт хийх боломж бүрддэг. Жишээлбэл, барилгын компанид түүхий эд материал хэрэгтэй. Харин барилгын материалын компанид байр орон сууц хэрэггүй шүү дээ. Ийм тохиолдолд гуравдагч байгууллагын бүтээгдэхүүнийг бартерлах боломжийг олгож байна " хэмээн онцлов.
Л.Нандинцэцэг