Авто замын тухай хуулийн төслийг боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-20 13:12:16

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн тухай үзэл баримтлалыг хэлэлцэж хууль боловсруулах үүргийг Зам тээврийн сайд М.Зоригтод өгсөн. Өчигдрийн хуралдаанаар  Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуулийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг даалгажээ.

Авто замын тухай хууль 1998 онд анх батлагдсан. Үүнээс хойш нийтдээ 8 удаа өөрчлөлт орсон. Хууль баталснаас хойш монгол орны эдийн засаг, дэд бүтцийн асуудалд томоохон өөрчлөлт гарсан.  Дэд бүтэц өөрчлөгдсөн. Улс ардын аж ахуйд ихээхэн ач холбогдолтой хөдөө аж ахуй, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа.Тиймээс авто замын стандартыг шинээр боловсруулах шаардлага гарч иржээ. Тухайлбал Монгол Улсад 2010 онд 2400 гаруй км хатуу хучилттай замтай байсан бол 2015 онд 5435 км хатуу хучилттай зам болжээ. Дөрвөн жилийн хугацаанд 119 хувиар хатуу хучилттай автозамын сүлжээ өссөн байна.  Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 49 мянган км, үүний 12 мянга нь олон улсын чанартай авто замын сүлжээ байдаг. Иймд дэд бүтцийн хөгжлийг сайжруулахад авто зам бол маш чухал үүрэгтэй гэж Засгийн газрын гишүүд үзэж байна.

Нийт ачаа эргэлтийн 65 хувийг авто замаар тээвэрлэдэг. Зорчигч тээврийн тухайд 98 хувийг авто замаар тээвэрлэж байна. Дээрх тооноос харахад авто зам бол чанартай, найдвартай, аюулгүй байдлыг хангасан байгаль экологид ээлтэй байх нь чухал. Дээр нь авто замын сүлжээний шинэ технологи ашиглах хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардагдаж байгаа учраас Авто замын тухай хуулийг хэлэлцүүлж УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн"  хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.

Б.Туул

 

相关新闻