Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-20 13:18:17

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ.

Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны зарим хэсэг хуулиар зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх болон антибиотикийн зохистой хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг нэмжээ. Эмийн үнийн ил тод байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх талаар шинэ зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдан гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж, эмийн хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Жилийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Азийн хөгжлийн банкнаас 2015-2016 онд манай улсад нийт 272 сая ам.долларын холимог буюу хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгийг хуваарилжээ. Тус банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба 2 хувийн хүүтэй байна.

-  Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоолоо.

-  Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт болон нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг тус тус баталлаа.

-  Бүгд Найрамдах Казахстан Улсад “Ирээдүйн эрчим хүч” сэдвээр 2017 онд зохион байгуулагдах “Дэлхийн экспо Астана-2017”-д оролцох тухай тогтоолын төслийг хэлэлцээд уг тогтоолыг батлах нь зүйтэй гэж үзлээ. Дэлхийн Экспод оролцох Хэсгийн ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилсон тухай Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд мэдэгдэхийг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

-   “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолын хавсралтад стратегийн хүнсийг экспортлох, импортлох нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх үүднээс зарим нэмэлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

相关新闻