Оюутолгой ХХК шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ИТХ-аас сар шинийн өмнө аймгийнхаа есөн алдартанг шалгаруулжээ.
Орон нутгийнхаа сонинтой хамтран зохион байгуулсан уг шалгаруулалтанд шилдэг хөрөнгө оруулагчаар "Оюутолгой" ХХК шалгарсан байна. Мөн шилдэг төрийн албан хаагчаар Б.Балмаа, шилдэг ажилчнаар газар тариалан эрхлэгч Т.Энхчимэг, шилдэг бизнесмэнээр "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн захирал Ц.Энхтүвшин, шилдэг малчнаар Сэврэй сумын Хоолт багийн малчин Х.Батдэлгэр, шилдэг эрүүл мэндийн ажилтнаар БОЭТ-ийн Мэс засал, гэмтлийн тасгийн зөвлөх эмч Ж.Зоригт нарыг онцложээ. Шилдэг боловсролын ажилтнаар Баяндалай сумын ЕБС-ийн багш Г.Сугар, шилдэг авъяастнаар пара хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, Бразил Улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан 2016 оны паралимпийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 5 дугаар байр эзэлж, Азийн дээд амжилтыг тогтоосон Г.Цогтгэрэл, шилдэгт бүтээн байгуулалтаар "Хүннүгийн говь" ХХК-ийн 15 давхар барилга тус тус шалгарсан байна.
2016 оны амжилт, бүтээн байгуулалтаар ийнхүү алдартнууд тодруулж алдаршууллаа.
Д.Мишигсүрэн