Аварга Ч.Санжаадамба 3 дахь удаагаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа үзүүрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-26 20:45:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөх хүчийг үзэн, уран мэхийг уралдуулан барилдсанаас Архангай аймгийн хашаат сумын харъяат, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ.

Аймгийн арслан О.Хангай сар шинийн барилдаанд хоёр дахь удаа үзүүр, түрүүнд үлдэж хоёр удаа үзүүрлэсэн аймгийн арслангаар тодорлоо. Тэрбээр 2014 оны сар шинийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаатай шалгаран үлдэж үзүүрлэсэн юм. Ч.Санжаадамба аваргын хувьд сар шинийн барилдааны үзүүр, түрүүнд гурав дахь удаагаа үлдэн гурван удаа түрүүлж бас нэгэн түүхэн амжилтын эзэн болов. Тэрбээр 2010 онд аймгийн арслан цолтойдоо, 2015 онд улсын заан цолтойдоо түрүүлсэн бол энэ жил Монгол Улсын аварга цолтой түрүүлж байна.  

Гал тахиа жилийн сар шинийн хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд магнайд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэнүүд зодоглолоо.

Гурвын даваанд улсын начин Б.Чимэдвандан, аймгийн арслан О.Хангай нарыг хэн ч амлалгүй тунаж, О.Хангай давсан юм. Дөрвийн даваанд улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатад унасан бол улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Н.Түвшинбаярт өвдөг шороодлоо.  Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан О.Хангайд уналаа. Дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг аймгийн арслан Ш.Пүрэвгарьд давлаа. Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярт тахимаа өглөө.

Зургаагийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба - улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг давсан бол Улсын гарьд Б.Гончигдамба-  аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг өвдөг шороодууллаа. Харин улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Түвшинбаярыг давж их шөвөгт үлдэв. Энэ даваанд Улсын харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангайд уналаа.

Долоогийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамбыг давж, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан О.Хангай давснаар үзүүр, түрүүнд улсын аварга, аймгийн арслан нар тунан үлдэж энэ жилийн сар шинийн барилдаан үнэхээр онцгой уран барилдаантай, хуучлах дурсамж дүүрэн урамтай сайхан барилдаан болж өндөрлөв.

Д.Өлзий

相关新闻