700 гаруй алба хаагч өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-28 10:39:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулахаар Замын цагдаагийн албан хаагчид болон ХСИС-ийн сонсогч нарын хамтарсан 700 гаруй бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна www.traffic.police.gov.mn, олон нийтийн сүлжээ буюу Фейсбүүк дэх Замын цагдаагийн алба хуудсаар тогтмол мэдээлж байгаа юм.

Шинийн 2 буюу өнөөдрөөс орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг.  Хөдөө орон нутаг руу зорчихдоо жолооч урсгал сөрөх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гардаг байна. Тиймээс улсын чанартай бүх хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, постыг дөрөв дахин нэмэгдүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Ч.Ариунболд

相关新闻